fa
Feedback
ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

رفتن به کانال در Telegram

Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️

نمایش بیشتر
2 227
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-127 روز
-1630 روز
آرشیو پست ها
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх Даваа гаригт (2025.05.19) Украины асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярина гэж мэдэгджээ. Дараа нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон НАТО-гийн гишүүн орнуудтай холбогдоно гэдгээ тэрбээр өөрийн цахим хуудаснаа онцолсон байна. Дональд Трамп бичихдээ "Хэзээ ч болох ёсгүй байсан дайн дуусаж, харгислалыг эцэслэж, гал зогсоож, үр бүтээмжтэй өдөр болно гэдэгт найдаж байна" гэжээ. Энэхүү мэдэгдэл нь Баасан гаригт (2025.05.16) Орос болон Укрианы төлөөлөгчид гурван жилийн дараа анх удаа хэлэлцсэн үед гарсан юм. Гэвч тухайн хэлэлцээ нь талуудын хооронд томоохон асуудал үргэлжилсэн хэвээр байгааг онцлон харуулсан. Үүнээс өмнө Путинтэй шууд ярилцахаас нааш ямар ч үр дүнд хүрэхгүй гэж Трамп мэдэгдэж байжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков орон нутгийн хэвлэлд Трамп Даваа гаригт утсаар холбогдох болсныг баталсан бөгөөд зохион байгуулах ажил явагдаж байна гэж мэдэгдсэн байна. ЭХ СУРВАЛЖ: NHK.com

Өмнөд Солонгосын төрийн албанд ажиллах хойд солонгос дүрвэгчдийн тоо урьд өмнөхөөсөө хамаагүй ихэссэнийг Сөүл мэдээллээ. 2024 оны эцсийн тоо баримт харвал 211 хойд солонгос дүрвэгч Өмнөдийн төрийн албанд ажиллаж байжээ. Энэ нь өмнөх оноос 17-оор илүү байна гэсэн үг. Хойд Солонгосын дүрвэгсэд 2010 оноос хойш Өмнөдийн төрийн албанд ажиллаж эхэлсэн гэж үздэг. Тухайн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт нь одоо тохиож байна. Хойд Солонгосын дүрвэгсдийг төрийн албанд ажиллуулснаар тэд засгийн газрын бодлого боловсруулалтад оролцох боломжтой болно. Өмнөдийн эрх баригчид сүүлийн жилүүдэд энэ төрлийн хөтөлбөрүүдийг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд хойд солонгос дүрвэгчийг ажилд авсан компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ санал болгож байна. Өмнөд Солонгост Хойд Солонгосын 30 мянга орчим дүрвэгч оршин суудаг. Гэтэл цар тахлаас өмнө жил бүр 1000 гаруй хойд солонгос иргэн дүрвэн ирдэг байжээ. Өмнөд Солонгосын засгийн газарт өндөр албан тушаалд томилогдсон анхны дүрвэгч бол Тэ Ён Хо. Түүнийг өнгөрсөн оны долдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх нэгдлийн асуудлаарх зөвлөлдөх зөвлөлийн шинэ удирдагчаар томилсон юм. Хойд Солонгос түүнийг мөнгө завшсан гэх мэт хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаж, хүний адаг гэж нэрлэсэн юм. ЭХ СУРВАЛЖ: BBC.com

ОХУ-ын ерөнхийлөгч Путин хуурай замын цэргийн командлагч генерал Олег Салюковыг огцруулав. 70 настай Олег Салюков хэдхэн хоногийн өмнө Ялалтын баярын парадыг удирдан явуулсан билээ. Тэрбээр 2014 онд хуурай замын цэргийн командлагчаар томилогдсон. Өнгөрсөн хугацаанд тэр Сирийн иргэний дайн, Украин дахь довтолгоонд үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Хуурай замын командлагч болохоосоо өмнө дөрвөн жилийн турш Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга байв. Одоо Салюков Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгугийн орлогчоор ажиллана. Сергей Шойгугийн хувьд өнгөрсөн оны тавдугаар сард сайдын албанаас бууж, Аюулгүйн зөвлөлд томилогдсон. Аюулгүйн зөвлөл нь Путин тэргүүтэй Кремлийн зөвлөлдөх дээд байгууллага бөгөөд үндэсний аюулгүй байдлын бодлогыг удирдах, нэгтгэх үүрэгтэй. Энэ нь ОХУ-ын аюулгүй байдлын агентлаг, яамдад шууд эрх мэдэлтэй байдаггүй. Украин дахь дайн эхэлснээс хойш ОХУ цэргийн өндөр албан тушаалтнуудыг огцруулсан тохиолдол олон. Эдгээрийн сүүлийнх нь Олег Салюков болж байна. Цэргийн өндөр албан тушаалтнуудыг ийн огцруулж буй нь Украин дахь бүтэлгүйтэлтэй холбоотой цэвэрлэгээ гэж үздэг ч Кремль үүнийг үгүйсгэдэг. ЭХ СУРВАЛЖ: THETELEGRAPH.com

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич саяхан Москвад айлчилж, Ялалтын баярт оролцсон нь барууныхны шүүмжлэлийг хүлээгээд буй. Гэсэн ч тус улс Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзлээ гээгээгүй, тэр бүү хэл гишүүнчлэлийн үйл явцыг түргэсгэхийг хүсч байна. Европын холбооны албан тушаалтнууд Серби зэрэг блокт элсэх хүсэлтэй улс орнуудын ерөнхийлөгч нарт хандан Ялалтын баяраас зайлсхийхийг удаа дараа шаардсан юм. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Костатай уулзсаныхаа дараа Вучич "Серби улс Европтой нэгдэх үйл явцыг түргэвчилж, блоктой хэлэлцээ хийх олон боломжийг нээхийг хүсч байна. Европын холбоонд уур амьсгал тийм таатай биш байна. Москвагийн айлчлалаас болж байгаа байх. Гэхдээ энэ үйл явц нь тодорхой үндэслэлтэй байсныг Европ ойлгоно гэдэгт итгэж байна" гэжээ. Харин Антонио Коста "Манай гадаад болон аюулгүй байдлын бодлогын нийтлэг зүйл бол Оросоос Украин руу харгис хэрцгийгээр түрэмгийлснийг илт зэмлэн буруушааж, Украинд шударга, удаан хугацааны энх тайвныг тогтооход дэмжлэг үзүүлэх явдал. Европын холбоонд элсэх нь Сербийн нэн тэргүүний зорилт хэвээр байгааг сонсохдоо баяртай байна. Тэдний хийх ёстой зүйл бол хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж, авлигыг таслан зогсоох, сонгуулийн хуулиа боловсронгуй болгох явдал юм" гэжээ. ОХУ бол Сербийн түүхэн холбоотон, мөн байгалийн хийн гол нийлүүлэгч нь. Сербийн "NIS" газрын тосны компанийн эзэмшигч нь "Gazprom"болон "Gazpromneft" юм. Оюутнуудын тэргүүлсэн авлигын эсрэг жагсаалд олон сарын турш өртсөн Вучич Европын холбоонд элсэхэд шаардлагатай шинэчлэлтүүдийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ амлаад байна. ЭХ СУРВАЛЖ: REUTERS.com

Дональд Трамп тарифыг нэмэгдүүлэх анхны шийдвэрээ гаргаснаас хойш л Ши Жиньпин "мөчөөгөө өгөхгүй" өнгө аястай хандсаар ирсэн (Bloomberg) -- Байр сууриасаа ухралгүйгээр Дональд Трампын эсрэг бат зогсох шийдвэр нь БНХАУ-д байж болох хамгийн таатай үр дүн авчирлаа. Швейцарт хоёр хоног үргэлжилсэн яриа хэлэлцээний эцэст дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон харилцан нэгэндээ тогтоосон тарифаа дорвитой дүнгээр бууруулах тохиролцоонд хүрснийг хэлэлцээ хийгч талууд зарлаад байна. Тодруулбал: 90 хоногийн "цонх" хугацаанд АНУ БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан 145 хувийн тарифаа 30 хувь болгож бууруулах бол БНХАУ АНУ-ын дийлэнх бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа 125 хувиас 10 хувь болгож танахаар боллоо. Хэлцлийн нөхцөлүүдийг харвал Бээжингээс тавьсан гол шаардлагуудын бараг бүгдтэй нь нийцэж байна. Тодруулбал: Дональд Трампын анх дөрөвдүгээр сарын хоёронд БНХАУ-д ногдуулж байсан "хариу" 34 хувийн тариф цуцлагдсанаар АНУ-ын гол өрсөлдөгч тус улс Их Британи тэргүүтэй холбоотнуудтай нь ижилхэн 10 хувийн суурь тариф төлөхөөр боллоо. Мөн хоёр тал фентанилын наймааг таслан зогсоох "эрчтэй арга хэмжээ" авахаар тохиролцсон бөгөөд энэ нь амжилтад хүрвэл БНХАУ үлдсэн 20 хувийн тарифаас бүрэн чөлөөлөгдөх боломжтой юм. "Энэ бол БНХАУ-ын найдан хүлээж байсан хамгийн сайн үр дүн гэхэд хилсдэхгүй. АНУ байр сууриасаа ухарлаа. Тэгэхээр цаашид БНХАУ-ын тал АНУ-тай аливаа яриа хэлэлцээ хийхэд илүү хөшүүрэгтэй орохоор болж байна" хэмээн “Trivium China" судалгааны компанийн үүсгэн байгуулагч Трей МакАрвер онцолжээ. Дональд Трамп тарифыг нэмэгдүүлэх анхны шийдвэрээ гаргаснаас хойш л Ши Жиньпин "мөчөөгөө өгөхгүй" өнгө аястай хандсаар ирсэн. Дэлхийн бусад удирдагчдаас ялгаатай нь тэрбээр Дональд Трампын утсаар ярьж, тохиролцох уриалгаас удаа дараалан татгалзаж байв. Тэр байтугай АНУ-ын тариф 145 хувьд хүрэхэд БНХАУ-ын тал үүнийг "тоглоом наадмаас өөрцгүй" хэмээн тодорхойлж байлаа. Энэ хугацаанд Бээжингийн эрх баригчид зээлийн хүү бууруулах зэргээр улсынхаа эдийн засгийг бэхжүүлэх арга хэмжээ авч, мөн БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд шинэ зах зээл олох, АНУ-ын "дээрэлхүү" байдлыг таниулах зорилгоор дипломатуудаа дэлхий даяар илгээж байв. Хэдийгээр БНХАУ эдийн засгийн хүндрэлтэй тулгарч, аж үйлдвэрлэлийн салбар нь суларч эхэлсэн ч дотоодын үндсэрхэг үзэл эрс нэмэгдсэн нь Ши Жиньпинд АНУ-ын шахалтад нугарахгүй байхад дэм болжээ. "Энэ нь Ши Жиньпиний хувьд дотооддоо улс төрийн, олон улсад дипломат нэр хүндийг нь бэхжүүлнэ. Зөрчилдөөний энэ раундын ялагч нь тэр байлаа" хэмээн Вашингтонд төвтэй Стратеги, олон улс судлалын төвийн Хятад судлаач Скотт Кеннеди онцлов. Эх сурвалж: Bloombergtv.mn

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр Украинтай хэлэлцээ хийхийг санал болгов. Дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялсны 80 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор ОХУ-д айлчилсан улс орнуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа Путин сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тэрбээр мэдэгдэхдээ, "Ирэх Пүрэв гаригт (2025.05.15) Истанбул хотноо Украинтай хэлэлцээ хийхэд Москва бэлэн байна. Шууд хэлэлцээг дахин эхлүүлэх ёстой. Тиймээс хэлэлцээг урьдчилсан нөхцөлгүйгээр явуулна" гэсэн байна. Мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хамт Украинтай хийх хэлэлцээний талаар ярина гэж Путин мэдэгдсэн байна. Шинэ эвлэрлийн гэрээ байгуулах боломжийг Москва үгүйсгэхгүй гэж Путин мэдэгдээд, гал зогсоох асуудлаар Киевтэй шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Оросын орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Украин болон барууны орнууд өнгөрсөн Даваа гаригаас эхлэн 30-аас доошгүй хоногийн хугацаанд хуурай газар, агаар, далайд ямар ч болзолгүйгээр гал зогсоохыг Орост уриалахаар тохиролцсон юм. Путин энэ гэрээний талаар огт дурдаагүй байна. ЭХ СУРВАЛЖ: NHK.com

Чеченийн удирдагч Рамзан Кадыров Лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзжээ. Кадыровын 20 жил үргэлжилсэн засаглал дуусч, эрх мэдэл өөр хүнд шилжих нь үү гэсэн таамаг өрнөж буй энэ үед тэрбээр төв засгийн газраас дэмжлэг авч буйгаа ийн баталгаажуулав. Тэрбээр "Би ямар ч асуудлаар Путинд хандсан үргэлж дэмжлэг авч чаддаг. Яг өнөөдрийнх шиг. Бид хэд хэдэн чухал сэдвийг хэлэлцлээ. Бүрэн ойлголцож, харилцан туслалцахаар болов. Бидэнд хийх ажил маш их байсаар л байгааг Путин хэллээ. Би дээд удирдагчийн тушаалыг дагах болно" гэж цахим хуудсандаа бичжээ. Мөн тэрбээр "Намайг үхсэн гэх тэр мэдээллүүд бол жинхэнэ хэтрүүлэг" гэсэн байна. Сонирхолтой нь, Кадыров энэ долоо хоногийн эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Путинд тавьсан гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй энэ мэдэгдлээ залруулж, багийн тоглогчийн хувиар Путинд үргэлжлүүлэн үйлчилнэ гэсэн байна. Кадыров сүүлийн жилүүдэд байн байн албан тушаалаас чөлөөлөгдөх тухай ам нээх болсон. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь чин хүсэл гэхээсээ илүү Москвагаар санхүүгийн болон бусад баталгааг гаргуулж авах стратеги аж. Кадыровын албан тушаалаас буух тухай яриаг эрүүл мэндтэй холбоотой элдэв цуу яриа ч үргэлж дагадаг. Кадыровын эцэг Ахмат Кадыровын амийг хөнөөсөн аллагын дараа буюу 2007 онд Путин түүнийг томилсон. Чеченийн нэгдүгээр дайны үед Оросын эсрэг тулалдаж байсан ахмад Кадыров эцэстээ Кремлийн хүн болсон юм. ЭХ СУРВАЛЖ: MOSCOWTIMES.ru

Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин Пүрэв гаригт (2025.05.08) Москва хотод айлчилж, Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан билээ. Эл үеэр хоёр орны удирдагчид бүс нутгийн болон олон улсын асуудлаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, стратегийн цар хүрээгээ өргөжүүлэх талаар хоёр удаа хуралдсан байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журам, олон талт байдлыг дэмжих арга замын талаар хэлэлцжээ.  Кремлийн мэдэгдсэнээр, Ши Жиньпинд зориулж Путин тусгай ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн үеэр хэлэлцсэн сэдвүүдийг дурдвал, үүнд: • Худалдаа, эрчим хүч, технологи, хөдөө аж ахуй, хиймэл оюун ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх • “Бүс ба зам” санаачилгыг Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулах • Соёл, боловсрол, бүс нутгийн солилцоог өргөжүүлэх • НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт байгууллагуудад хамтран ажиллах • Нэг талт байдал, хориг арга хэмжээ, блок дээр суурилсан сөргөлдөөнийг эсэргүүцэх зэрэг багтсан гэж "Xinhua" агентлаг мэдээлэв. Түүнчлэн Хятад, Орос улс түүхэн, дайны үеийн эвслийн өв уламжлалаа хамгаалах амлалтаа дахин нотолсон гэж тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Удирдагч нар стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, дижитал эдийн засаг, био аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, кино урлаг зэрэг салбарын 20 гаруй хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Ерөнхийлөгч Путин Ши Жиньпинд хүндэтгэлийн зоог барьсан бөгөөд айлчлалын үеэр Хятадын дээд албан тушаалтнууд болох Цай Ци, Ван И нар мөн адил оролцжээ. ЭХ СУРВАЛЖ: XINHUA.com

Энэтхэгийн эрх баригчид уг халдлагад Пакистан улсыг буруутгасан бол Пакистаны тал үүнийг нь няцаасан. Өнгөрсөн шөнийн үйл явдлыг Энэтхэг, Пакистан улсуудын хооронд дайны бус цаг үед гарсан хамгийн том агаарын цохилт гэж үзэж байна. Британийн колони байсан Энэтхэгийн газар нутаг 1947 онд хиндү шашинтай хүн ам голлодог Энэтхэг, ислам шашинтнууд голлодог Пакистан улсууд болон хуваагдсан түүхтэй. Энэ үеэр Энэтхэгийн хойгийн баруун хойд хэсгийн Жамму, Кашмирын вант улсуудад аль улсад нэгдэхээ сонгох эрх олгож байжээ. Кашмирын махаража эхлээд аль ч улсад нэгдэлгүй тусгаар тогтнох замыг сонгосон ч Пакистаны талаас довтолсны дараа Энэтхэгт нэгдэх шийдвэр гаргасны улмаас 1947-1948 оны хооронд анхны дайн дэгдэж байв. Дараа нь 1965, 1971 онуудад дахин хоёр том дайн дэгдсэн юм. Өнөөдөр Кашмирын баруун хойд хэсэг Пакистаны, зүүн өмнөд хэсэг Энэтхэгийн захиргаанд байдаг. 222,200 хавтгай дөрвөлжин километр талбайтай энэ нутгийн Пакистаны хэсэгт дөрвөн сая, Энэтхэгийн хэсэгт 13 сая хүн амьдардаг бөгөөд ихэнх нь ислам шашинтай юм. АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс “Өмнөд Азийн урт хугацааны энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хариуцлагатай шийдвэр гаргахын төлөө ажиллахыг талуудад уриалж байна. Бид хоёр орны засгийн газартай олон түвшинд холбоотой ажиллаж байгаа” гэж мэдэгджээ. Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа ерөнхийлөгч Трамп "Энэ бол ичгүүртэй хэрэг. Бид зууван танхим руу алхаж явахдаа энэ талаар сонслоо. Тэдний хооронд ямар нэг зүйл болох гэж байгааг хүмүүс өнгөрсөн түүх дээр нь тулгуурлан мэдэж байсан байх. Тэдний зөрчил удаан хугацаанд үргэлжилж байгаа. Энэ бүхэн богино хугацаанд өндөрлөнө гэдэгт найдаж байна" гэж хэлсэн байна. НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик "Ерөнхий нарийн бичгийн дарга Энэтхэгийн цэргийн хяналтын шугам болон олон улсын хилийг дамнан явагдаж буй ажиллагаанд маш их санаа зовж байна. Хоёр улсад мөргөлдөөнөө өргөжүүлэхээс зайлсхийхийг тэр уриалж байна. Энэтхэг, Пакистаны хоорондын сөргөлдөөнийг дэлхий нийт тэвчиж чадахгүй” гэж мэдэгджээ. Энэтхэгийн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх АжИТ Довал явуулсан ажиллагааныхаа талаар сүүлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод мэдээлснийг Вашингтон дахь тус улсын элчин сайдын яам баталсан байна. "Энэтхэг улсын авсан арга хэмжээ тодорхой цэгүүдэд чиглэсэн бөгөөд оновчтой байсан” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Эх сурвалж: Aljazeera.com

Орос улс цөмийн зэвсэг ашиглахгүйгээр Украинд явуулж буй цэргийн ажиллагааг амжилттайгаар дуусгах хүчин чадалтай гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн аж. Тус улсын сэтгүүлч Павел Зарубин өөрийн "Telegram" хуудаснаа Россия-1 телевизийн "Орос.Кремль.Путин.25 жил" гэх баримтат киноны хэсгүүдээс нийтэлсэн бөгөөд үүнд Путины цөмийн зэвсгийн талаарх үзэл баримтлалыг тусгасан байна.  Тодруулбал, "Тэд биднийг өдөөн хатгаж, алдаа гаргаасай гэж хүссэн. Мөн таны дурдсан уг зэвсгийг ашиглах шаардлагагүй байсан. Цаашид ч шаардагдахгүй гэж би найдаж байна" гэж Путин хэлжээ. Мөн "Бид 2022 онд эхлүүлсэн ажлаа Орос улсад хэрэгтэй үр дүнд хүргэж, дуусгахад хангалттай хүчин чадал, арга, хэрэгсэл бий" гэж онцлон тэмдэглэсэн байна. Орос улс өмнө нь удаа дараа цөмийн зэвсэг хэрэглэх нь хамгийн сүүлийн сонголт байх болно гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн арваннэгдүгээр сард Путин цөмийн хэрэглээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байдаг. Шинэ нөхцөлд зааснаар цөмийн зэвсэггүй улсаас хийх довтолгоог цөмийн гүрэн дэмжвэл Орос руу хийсэн хамтарсан дайралт гэж үзнэ. Мөн Орос руу ердийн пуужин, нисэх онгоц, дроноор их хэмжээний довтолгоо хийх нь цөмийн хариу арга хэмжээ авах шалгуурыг хангах аж. Беларусьт халдах болон Оросын бүрэн эрхт байдалд ноцтой аюул учруулах бусад хүчин зүйл ч үүнд хамаарна. Цаашилбал, аль нэг бүлэглэл, эсвэл эвсэлд багтсан улс ОХУ руу дайрвал Москва үүнийг холбоотнуудад бүхэлд нь хамаатуулж үзнэ гэжээ. ЭХ СУРВАЛЖ: BBC.com